Monday, September 5, 2011

Форексийн зах зээлд оролцогчид

Форексийн зах зээлд оролцогчдыг доорх 4 хэсэгт хувааж үздэг.

- Арилжаалагчид (Speculators)
- Эрсдэл хамгаалах бүлгүүд (Hedgers)
- Арилжааны том банкууд (The Interbank market)
- Засгийн газар болон төв банкууд (Governments and Central Banks)

Арилжаалагчид

Форекс зах зээлд оролцогч энгийн иргэд та бид юм. Гол зорилго нь ашиг олох. Ер нь ганцаарчлан ороод мөнгө олох тийм ч амар биш. Тийм болохоор мөнгөтэй хүмүүс нийлж фонд үүсгээд оролцдог. Энэ фондыг туршлагатай хүмүүс удирдан ажиллуулдаг тул дажгүй мөнгө олж чаддаг байна. Жишээ хэлэхэд Жорж Сорос фунт стерлингийн ханш уналтаас нэг тэрбум америк долларын ашгийг сарын дотор олсон байна. Сүрдмээр тоо байгаа биз. Ямар ч биеийн хөдөлмөр хийхгүүгээр хэдэн товч дараад энэ их мөнгийг олно гэдэг шударга бус ч юм шиг. Иймэрхий хүмүүсийг спекулатор (speculator) гэж нэрлэдэг. Монголчилбол дамчин, панзчин гэж нэрлэх юм шиг байна. Спекулаторууд маш их эрсдэл үүрч таамаг дэвшүүлэн оролцдог байна. Дээрх жишээнд хэрэв уур амьсгал Соросын эсрэг байсан бол тэрээр нэг тэрбум доллараа алдаж, магадгүй түүний удирддаг фонд дампуурч болох юм.

Эрсдэл хамгаалах бүлгүүд

Энэ бүлэгт олон улс дамжсан том компаниуд, байгууллагууд орно. Тэдний зорилго мөнгөний ханшны өөрчлөлтөөс хамаарах эрсдлийг багасгахад оршино. Жишээ нь: АНУ-ын томоохон авиакомпани онгоцны түлшээ Канадаас авдаг гэвэл канад доллараар тооцоогоо хийх болно. Хэрэв канад долларын ханш америк доллартай харьцуулахад өсөөд байвал мэдээж хэрэг алдагдалд орж эхэлнэ (нийт ашиг багасна). Тэгвэл энэ эрсдлээс хамгаалахын тулд компани канад доллар худалдаж авах эсвэл төлбөрөө тэр дор нь шууд хийх гэх мэт аргуудыг хэрэглэнэ.

Сүүлийн үед форексийн зах зээл маш их өргөжиж олон арилжаачид, спекулаторууд оролцох болсноор эрсдэл хамгаалах бүлгүүдийн эзлэх хэмжээ эрс багассан болно.

Арилжааны том банкууд

Форексийн хамгийн том оролцогч нь том банкууд юм. Тэд олон мянган бизнес үйлчлүүлэгчдийн хэрэгцээг хангахын тулд хангалттай валютын нөөцтэй байх хэрэгтэй. Зөвхөн германы Deutsche Bank гэхэд форексийн зах зээлийн 15.64% -ийг эзэлж байгааг харахад тэд үнэхээр гол оролцогч байгаа биз. Нөгөөтэйгүүр хуримтлагдсан тэр их мөнгөө ханш уналтаас хамгаалж аль болох ханш уналт багатай мөнгө үрүү байнга шилжүүлж байж л таарна. Том банк нь олон арван туршлагатай эдийн засагч, шинжээч ажилчидтай. Тухайн улсын эдийн засгийн байдлыг маш анхааралтай ажиглаж байдаг. Хэрэв эдийн засаг тогтворгүй болоод эхлэх ба засгийн газар нь тогтворжуулах талаар дорвитой арга хэмжээ авахгүй бол ханшийн эрсдлээс хамгаалж тэр улсын мөнгөн дэвсгэртийг зарах гэх мэт арга хэмжээ авахаас өөр аргагүй болно. Энэ нь ханшид хүчтэй нөлөөлөх ба үүн дээр спекулаторууд нэмэгдвэл ханш бүр огцом өөрчлөгдөнө. Мэдээж хэрэг зарим банк ашиг олж байхад нөгөө хэсэг нь алдагдалд орж байгаа. UBS банк форексоор дажгүй ашиг олж байжээ.

Засгийн газар болон төв банкууд

Төв банкны мөнгөний бодлого нь тухайн улсын эдийн засгийг тогтвортой байлгаж, ард түмний амьдралыг сайн сайхан байлгахад оршино. Хэрэв мөнгөн дэвсгэртийн ханш буурвал манайх шиг импортод суурилсан оронд импортын таваарын үнэ өсч үүнийгээ дагаад инфляц өсөөд эхэлнэ. Өөрөөр хэлбэл ард түмний амьдрал хэцүүдэж эхлэх бөгөөд бухимдал үүссэнээр улс төр тогтворгүй болоод эхлэх жишээтэй. Харин мөнгөн дэвсгэртийн ханш өсөөд эхэлбэл экспортод суурилсан оронд сөргөөр нөлөөлөх болно. Тэдний экспортийн орлого буурах, жуулчдын тоо буурах гэх мэт үзэгдлүүд гарч ирнэ.

Хятад улс юаний ханшийг доллартай тогтмол барих бодлого явуулдаг үүний тул төв банк нь их хэмжээний долларын нөөцтэй байх шаардлагатай болдог. Энэ нь долларын ханшид нөлөөлөх нь гарцаагүй. Үүнээс болоод америк хятад хоёр зөрчилдөж буй талаар сонин сэтгүүл дээрээс уншсан биз дээ.

Төв банк нь форексийн зах зээлд шууд оролцдоггүй. Зарим үед мөнгөний ханшийг тогтворжуулах зорилгоор форексийн зах зээлд оролцдог боловч энэ нь амжилтад хүрдэггүй болох нь харагдсаар байна. Жишээ нь: Японы төв банк форексийн зах зээлд оролцдогоороо алдартай. Япон нь экспортод суурилсан улс тул иений ханш өсөх нь тэдний орлогод муугаар нөлөөлнө. Иймээс иений ханшийг бууруулахын тулд японы төв банк зөвхөн энэ 8-р сард 4.51 триллион иенийг (59 тэрбум доллар) зах зээлд нийлүүлж зарсан боловч ямар ч үр дүнд хүрээгүй билээ.

Тухайн улсын мөнгөн дэвсгэртийн ханш дотоодын нийт бүтээгдэхүүн, ажилгүйдлын тоо, эдийн засгийн өсөлт, бууралт гэх мэт олон зүйлээс хамаарна. Засгийн газрын болон төв банкны бодлого нь эдийн засгийн суурь хүчин зүйлүүдийг шийдэх чиглэлтэй байх хэрэгтэй бөгөөд шууд форекс зах зээлд оролцож ханшийг хүчээр барих нь үр ашиггүй гэдэг дээрх жишээнээс харагдаж байна. Хэсэгхэн хугацаанд амиа аргацаасан арга юм.

Түүхээс харахад мөнгөний ханшийг тогтмол барих гэсэн алтны стандарт систем, Бреттон Вүүдс системүүд бүгд эцэстээ нуран унасан билээ.