Та бүгдийн зарим нь интернэт, зурагт, радио, сонин сэтгүүл дээрээс форексийн тухай сурталчилгааг харсан байх. Долоо хоногт $500 оллоо гэх мэт чихэнд чимэгтэй үгс нь хүний анхаарлыг татахгүй байхын аргагүй. Чухамдаа интернэтийн хөгжил нь жирийн иргэдийг форексийн зах зээлд оролцох боломжийг бүрдүүлж өгч байна. Мэдээлэл хурдацтай тархдаг энэ үед форекс нь маш эрчимтэйгээр өргөжиж баян, ядуу гэлтгүй бүх улс оронг хамарч байгаа билээ.
FOREX /форекс/ гэдэг нь FOReign EXchange – гадаад валютын солилцоо гэсэн үгнээс авсан товчлол болно. Мөн FX, currency market (мөнгөн тэмдэгтийн зах зээл) гэж нэрлэдэг.
Ерөнхийдээ форексоор мөнгө олох зарчмыг хүн болгон мэдэх байх. Тэр болгон анзаардаггүй болохоос биш их энгийн. Та дансандаа 10000000 төгрөгтэй байсан гэж үзье. Хүн болгон америк долларын тухай мэднэ, тэр ч бүү хэл өнөөдөр гэхэд /2011-07-04 өдөр/ 1ам. доллар 1250 төгрөг (1$=1250₮) болохыг мэдэж байгаа. Түүгээр ч барахгүй америк долларын ханш өдөр болгон өөрчлөгдөж байгааг мэдэж байгаа. Нэг өдөр таны толгойд мөнгөө төгрөгөөр биш америк доллараар хадгалах санаа төрлөө. Даруйхан Найман шарга орж 10000000 төгрөгөө 8000 ам. доллар (10000000₮/1250=8000$) болгож хувиргалаа. За тэгээд сарын дараа хартал 1 ам. доллар 1300₮ болсон байлаа гэж үзье. Одоо тэгвэл буцаагаад монгол төгрөг болговол 8000$*1300=10400000₮ төгрөг боллоо. Зөрүү нь 400000₮ зүв зүгээр ороод ирж байгаа биз. Үнэхээр сэтгэл хөдөлгөмөөр, зүрх хүчтэй цохилж байна. Арай шидэт авдар биш биз. Хэрэв хугацаатай хадгаламжид хадгалуулсан бол сарын бодогдох хүү хамгийн ихдээ 1.2% (одоогийн байдлаар, гэхдээ 1 жил мөнгөө авалгүй дансандаа байлгах хэрэгтэй) байна. Өөрөөр хэлбэл сарын дараа хүү бодогдоход 10000000₮*0,012=120000₮ болно. 400000₮ -нөөс хамаагүй бага байгаа биз. Хүний шунал ямар дуусах биш аль болох ихийг л авахыг хичээнэ. Форекс арилжаагаар 400000₮ -тэй болчихлоо доо. Бүр арван саяаас их төгрөгтэй бол форекс арилжаанд ороход ханш 50₮-өөр биш 1₮, 5₮, 10₮ -өөр өөрчлөгдөхөд л танд хангалттай ашиг авчирч болох бодол таны толгойд орж ирж байгаа биз. Амархан мөнгө олох арга нээчихсэн биш үү…! АНХААР ! Гэтэл тийм биш юм. Энэ тооцоонд сарын дараа 1 ам. доллар 1300 төгрөг болно гэж тооцсон. Алдаа энд л байна. Яагаад 1300₮ болно гэж, хэн ч мэдэхгүй шүү дээ. Өөрийн мэдэлгүй бид бүгдэд 1300₮ болох мэт санагдаж магадгүй. Яагаад гэвэл бид монгол төгрөгөндөө америк долларыг бодоход арай бага итгэж байдаг. Америк улс өндөр хөгжилтэй, хүчтэй харин монгол ядуу, хүчгүй улс болохоор тэр. Ер нь баячууд хөрөнгө мөнгөө ханш уналт багатай, найдвартай мөнгөн тэмдэгт эсвэл үнэт металл хэлбэрээр хадгалдаг байх гэж бодож байна. За тэгээд монголын бүх баячууд мөнгөө гадаадын валют хэлбэрээр хадгалаад байвал төгрөгийн ханш хурдан унаж жирийн иргэдийн амьдрал хэцүүдэж юмны үнэ өсөж эхэлнэ. Гэтэл энэ бүхнийг монголбанк хянаж зохицуулах үүрэгтэй байдаг. Хэрэгтэй үед нь төгрөгийн хүүг ихэсгэх, багасгах тэр бүү хэл доллар худалдаж авах, зарах мэтээр зах зээлд оролцдог. Харин засгийн газрын бодлого манай төгрөгийн ханшийг хамгаалах баталгаа болж өгдөг. Энэ бодлого нь гаргасан хуулиуд зөв оновчтой байх, асуудлыг шударгаар шийддэг байх, хээл хахуульд автаагүй, боловсрол технологи өндөр, дэд бүтэц сайтай байх гэх мэт олон төрлийн хүчин зүйлүүдээс бүрдэнэ. Эдгээрээс аль нэг нь алдагдвал улс төр тогтворгүй болж эхлэх ба бизнесменүүд сандарч хөрөнгө оруулалтаа зогсоох, оруулсан хөрөнгөө татаж авах гэх мэт үйлдлүүд хийдэг. Хэрэв энэ үйлдэл хэт огцом байвал бусад бизнесменүүд адилхан алхамыг хийх ба тэр бүү хэл монгол бизнесменүүд хүртэл мөнгөө бусад тогтвортой мөнгөн тэмдэгт үрүү шилжүүлж байхыг үгүйсгэх аргагүй. Энэ үед монголбанк аль болох асуудлыг зохицуулахыг хичээх боловч хэрвээ мөнгөний хэмжээ асар их бол ямар ч боломжгүй байдаг. Харин жирийн иргэд бид толгой сэгсэрч харахаас өөр яах билээ. Ямар мөнгө хөрөнгөтэй биш. Нэг бодлын амар ч юм шиг ээ. Миний санахад 2 жилийн өмнө төгрөг өдрөөс өдөрт огцом унаж шуугиан тарьж билээ. Олон байгууллагууд төлбөр тооцоогоо америк доллараар хийж эхэлсэн. Энэ нь ч олон хүмүүсийн дургуйцлыг хүргэж телевизороор хүртэл гарч байсан. Одоо ч гэсэн импортоор бараа оруулж ирдэг компаниуд т.н. /тооцох нэгж - энэ нь тухайн өдрийн америк долларын ханш/ гэсэн бяцхан залиар худалдаа хийж л байна. Хэрэв монголбанк мөнгөний оновчтой бодлого явуулж ханшаа тогтмол бариж чадвал бизнесменүүд санаа зоволгүй төгрөгөөр бизнес үйл ажиллагаагаа явуулж эхэлнэ. Эдийн засаг нь өсөлттэй, улс төр нь тогтвортой, төгрөгийн хүү нь өндөр байхад мөнгөө яагаад заавал доллар хэлбэрээр хадгална гэж төгрөг болгоод хадгалбал ашигтай байх нь хэн бүхэнд ойлгомжтой шүү дээ.
За эргээд 10000000₮ төгрөгөндөө оръё. 8000 ам. доллар болгоод хадгалаад байсан чин долларын ханш өсөх байтугай буураад эхэлбэл яанаа. Юун тэр шидэт авдар хоосон авдар болчихлоо. Сэтгэлээр унаж үхлээ. Зүгээр л банканд хадгалуулаад байлгаж байдаг байз. Найман шарга орж буцаад төгрөг болгон солиулаад байтал хажуугийн хүний яриа чих дэлсэв ээ хөө. Би хятадын юань авсан чин ханш өсөлтөөс төчнөөн төгрөгийн ашигтай байлаа гэж ярьж байх юм. Арван саяаар юань авсан бол яах байж дээ гээд бодоод үзтэл 600000₮ төгрөгийн ашигтай байв. Нөгөө америк доллараас их байна. Нүд сэргээд ирлээ. Шидэт авдар маань буцаад ирэв үү? Ёстой мэдэх юм алга, толгой эргэчихлээ.
Өөр нэг жишээ: Та Канадад байгаа ба дансандаа 10000 канад доллартай гэж бодъё. Гэтэл танай хөрш канад эр 10000 канад доллараараа австрали доллар худалдаж аваад сарын дараа эргүүлж солиулахад өчнөөн долларын ашигтай байлаа гэж ярьж байлаа. Энэ үед та үнэхээр солиулж чадах байсан уу? Тэгвэл энэ тохиолдолд та монгол төгрөг шигээ шийдвэр гаргаж чадахгүй. Яагаад гэвэл та эдгээр улсуудын талаар хангалттай мэдээлэлгүй билээ. Тэгэхээр энэ хоёр улсын талаар судлах хэрэгтэй болж байгаа биз.
Эндээс харахад мөнгөний үнэ цэнэ эрэлт хэрэгцээнээс хамаарч үргэлж өөрчлөгдөж байдаг байна. Цалингаас цалингийн хооронд амьдардаг жирийн иргэд үүнийг мэдэрдэггүй, мэдэх ч шаардлага гардаггүй.
Эндээс харахад мөнгөний үнэ цэнэ эрэлт хэрэгцээнээс хамаарч үргэлж өөрчлөгдөж байдаг байна. Цалингаас цалингийн хооронд амьдардаг жирийн иргэд үүнийг мэдэрдэггүй, мэдэх ч шаардлага гардаггүй.
Харин дэлхийн том баячууд хаана ашигтай байна тэнд үргэлж байдаг байна. Өнөөдөр японд банкны хадгаламжийн хүү 0,5% байхад австралид 4,75% хүүтэй байна. Японд мөнгөө хадгалуулж 0,5% хүү бодуулж байснаас австралид хадгалуулж 4,75% хүү авбал ашигтай байх нь хэн бүхэнд ойлгомжтой. Австрали улс эдийн засгийн хувьд хүчирхэг, улс төрийн хувьд тогтвортой, хүмүүсийн амьжиргааны түвшин өндөр, сэтгэл хангалуун учир эрсдэл тийм ч өндөр биш. Харин монголын хувьд банкны хүү өндөр боловч эдийн засаг нь хүчирхэг биш, хүмүүсийн амьжиргааны түвшин сайнгүй болохоор хүмүүсийн анхаарлыг татахгүй. Асар их байгалийн баялагтай учраас л бизнесменүүд сонирхож байгаа.
За тэгэхээр форекс маань асар их мөнгө эргэлдсэн зах хязгааргүй том тогоо байх нээ. Түүнд ямар нэгэн төв гэж байхгүй. Дэлхийн аль нэг өнцөгт “А” валютыг зарах хэрэгтэй байна гэхэд нөгөө өнцгөөс нэг нь би авъя гэж дугарч байх жишээтэй. Ийм учраас хичнээн хэмжээний мөнгө эргэлдэж байгаа гэдгийг мэдэх боломжгүй. Форексийн зах зээл мөнгө үйлдвэрлэдэггүй. Зөвхөн алдсан хүмүүсийн мөнгийг хожсон хүмүүст хуваарилдаг систем юм. Судалгаагаар эхлэн оролцогч хүмүүсийн 90% нь мөнгөө алддаг байна. Мэдлэг туршлага, тэвчээр, сахилга бат хамгийн чухал үүрэг гүйцэтгэнэ. Эдгээрээс аль нэг нь алдагдах юм бол та мөнгөө алдана гэсэн үг. Яагаад гэвэл эрс хүч тэнцвэргүй тулаан байгаад оршино. Форексийн гол оролцогч нь том банкууд, мөнгөний сангууд байдаг. Тэд асар их мөнгөтэй оролцохоос гадна маш өргөн мэдээлэлтэй, мөнгөний урсгал, хэмжээг яг нарийн мэдэхгүй ч гэсэн тодорхой хэмжээний таамаглалтай байдаг. Харин бидний хувьд мөнгө ч байхгүй, мэдээлэл ч байхгүй. Ер нь “А” валют өснө, буурна гэсэн хоёр том бүлэг хоорондоо тэмцэлдэнэ. Хэр урт үргэлжлэх нь мэдэгдэхгүй ч эцэст нь тухайн улсын эдийн засаг, улс төрийн байдлаас болж аль нэг нь ялагдал хүлээнэ. Бидний хувьд аль нэг талд орж тэмцэх биш холоос ажиглаж ялах талд хурдан шилжиж сурах явдал юм. Хүүхэд байхдаа нэгэн матартай цуг амьдардаг шувууны тухай уншиж билээ. Матар хоолоо идсэний дараа амаа ангайдаг байна. Тэр үед шувуу ам уруу нь орж шүдний завсар дахь хоолны үлдэгдлийг иддэг бөгөөд ингэснээр шувуу гэдэс цатгалан, матар ч шүд өвдөх аюулаас аврагддаг байна. Үнэхээр гайхмаар матрын амнаас хоол олж идээд байхдаа яах вэ дээ. Өлсгөлөн матар дагасан гэнэн шувуу бол эсвэл өлсөж үхнэ эсвэл матрын хоол болох нь гарцаагүй. Зарим шувууд ханаж цадалгүй идсээр байгаад матрын аманд үхэж магадгүй. Матар үргэлжийн мөнх амаа ангайлгаж байлтай биш. Туршлагатай шувуу л гэдэс цатгалан, амьд үлдэж чадах нээ. Энэ жишээгээр форексийн аюулыг зүйрлэн үзүүлж байгаа юм. Хичнээн том биетэй, чадалтай шувуу байлаа гээд болгоомжтой байхгүй л бол үхэх нь тодорхой байна шүү дээ. Үүнтэй адилаар та хичнээн их мөнгөтэй эсвэл бага мөнгөтэй форекс арилжаанд орлоо гэхэд аюул их ойрхон байна. Гэтэл арилжаанд оролцогчдын 10% олоод болж байна. Тэд мэдлэг туршлагатай шувууд юм. Тэд төрөхдээ энэ бүхнийг аваагүй гагцхүү сурч, судалж л олж авсан. Тэгвэл бид хэд яагаад тэд нар шиг байж болохгүй гэж. Нөхцөл нь адилхан байж байна. Зөвхөн сурах, судлах хэрэгтэй ухарч няцалгүйгээр.
Судлахыг хүсвэл форекст тавтай морил.