Худалдаа арилжаа нь эрт дээр үеэс улбаатай. Эхний үед хүмүүс олсон эд бараагаа бэлэглэх журмаар солилцдог байсан байна. Харин бие биеэ үл таних овог аймгуудын хувьд өөрт байгаа эд бараагаараа харилцан солилцох байдлаар худалдаа хийдэг байв. Гэтэл энэ нь тийм ч төгс төгөлдөр байсангүй. Учир нь гадны хүчин зүйлээс шалтгаалан (цаг агаар, ургац, олдоц гэх мэт) эдгээр барааг нэгэн агшинд зэрэг байлгах нь асуудал үүсгэж байв. Эвдэрч муудахаас үүдэн урт хугацаагаар хадгалах боломжгүй байлаа. Энэ байдлаас гарах хамгийн анхны алхам бол тавааран мөнгө хэрэглэх явдал байв. Тухайн нутаг дахь олдоц болон хэрэгцээнээс хамаарч ямар нэгэн таваар солилцооны хэрэгсэл болж байв. Эдгээр нь алт, мөнгө, том чулуу, чимэглэсэн бүс, хясаа, архи, тамхи, чихэр гэх мэт үнэ хүрч болох ямар ч эд зүйлс байж болно. Жишээ нь: Япончууд сумны зэв, будаа, алтан элс зэргийг ашиглан худалдаа хийж байсан байна. Өөрөөр хэлбэл хэдэн ширхэг сумны зэвтэй байхад хэрэгтэй ямар ч барааг худалдаж авч болох нээ. Гэтэл бараа харилцан солилцдог үед миний барааг цаад хүн сонирхохгүй бол би бараагаа авч чадахгүй эсвэл өөрийн бараагаа нөгөө хүний санаанд таартал маш хямдаар үнэлж бараа солилцоо хийх болно.
Алт, мөнгө зэрэг металл нь эвдэрч муудан үнэ цэнээ алдахгүй, хадгалахад хялбар зэргээс шалтгаалаан худалдаа арилжааны хамгийн том хэрэглэгдэхүүн болж чадсан билээ. Худалдаа арилжаа хөгжихийн хэрээр алт мөнгөн зоосууд гарч ирсэн байна. Энэ зах зээлд гарсан хамгийн том хувьсгал бол цаасан мөнгөн тэмдэгт байлаа. Цаасан мөнгөн тэмдэгт нь барааны үнэ ханшийг илэрхийлэх хэмжигдэхүүн, солилцооны хэрэгсэл болж байв. Алт мөнгөн зоос барааны үнийг тодорхойлохоос гадна яг бодит өөрийн үнэ цэнэтэй байна. Өөрөөр хэлбэл эдгээр зоосыг хайлуулан өөр зүйл хийх зэргээр ашиглаж байхад цаасан мөнгөн тэмдэгт ямар ч бодит үнэгүй цаас юм. Хэдийгээр алт мөнгө нь худалдааг маш их хөнгөвчилж байсан ч их хэмжээний наймааг хол газарт хийхэд зөөж тээвэрлэх зэрэг хүндрэлүүд гарах болжээ. Гэтэл цаасан мөнгөн тэмдэгт гарснаар энэ бүх асуудлыг хөнгөвчилсэн юм. Барааны үнийг улам нарийвчлан илэрхийлэх болсон байна.
- Алтны стандарт систем (Gold standard system)
“А” улсын мөнгөн тэмдэгттэй хүн “Б” улсад очиж худалдаа наймаа хийж болохгүй нь ойлгомжтой. 1875 онд алтны стандарт систем гаргаснаар энэ асуудлыг цэгцэлсэн байна. Энэхүү алтны стандарт систем ёсоор улс хоорондын худалдааг алтаар хийх ба тухайн улс өөрийн мөнгөн тэмдэгтийн алттай харьцах ханшийг тогтмол барьж байх үүрэг гүйцэтгэсэн байна. Тухайн улс хэвлэн гаргасан мөнгөн тэмдэгтийн хэмжээгээр алт нөөцлөх хэрэгтэй болсон байна. Жишээ нь: Их Британи 100 фунт стерлингийг 22 унц алттай, АНУ 100 долларыг 4,5 унц алттай тэнцэнэ гэж тогтоосон байна. Хэрэв та энэ үед 100 америк доллартай бол 4,5 унц алттай гэсэн үг.
Бүх ханш тогтмол учир гадаад худалдаа хийхэд ханшийн зөрүүнээс болж ямар нэгэн хохирол үүсдэггүй байна. Тиймээс энэ үеийг тогтсон валютын солилцооны үе /fixed exchange rate system/ гэж нэрлэх нь бий. Хэдийгээр энэ системийн өмнө ч худалдаа наймаа алт мөнгөөр хийгддэг байсан боловч гадаад эрэлт нийлүүлэлтээс хамаарч үнэ хэт хэлбэлзэж байв. Жишээ нь: Шинэ алтны уурхай нээгдсэн үед алтны ханш эрс доошилж байсан байна.
Алтны стандарт систем дэлхийн 1-р дайны үед ганхаж эхэлжээ. Герман болон голлох европын улсуудын хоорондох улс төрийн тогтворгүй харилцаанаас үүдэн эдгээр улсууд нь цэрэг, зэвсэглэлд их хэмжээний хөрөнгө зарцуулах болсон байна. Үүний улмаас тухайн улсын алтны сан хөмрөг багассан ба ингэснээр хэвлэн гаргасан мөнгөн тэмдэгтийг баталгаажуулахад хүрэлцэхгүй болж эхэлжээ. Өөрөөр хэлбэл хэрвээ хүмүүс бүгд мөнгөн дэвсгэртээ алт болгон солиулж эхэлбэл алтны нөөц хүрэлцэхгүйн улмаас зарим хүмүүс алт болгож чадахгүй. Ингэснээр хүмүүсийн мөнгөн тэмдэгтэд итгэх итгэл алдарч аль болох хэрэглэхээс татгалзах бөгөөд үнэгүй цаас болж хувирч эхэлнэ.
Ийнхүү дэлхийн 2-р дайны үеэс Англи болон Европын улсууд дайны хохирол, зэвсэглэлд зарцуулсан мөнгөнөөс болж тэдгээрийн алтны нөөц ихээхэн багассан ба хэвлэн гаргасан мөнгөн дэвсгэртийг алтаар солих, баталгаажуулах ямар ч боломжгүй болсон байна. Алтны стандарт систем задран унасан байна.
- Бреттон Вүүдс систем (Bretton Woods system)
Дэлхийн 2-р дайн дуусахын өмнөх нь хамтарсан улсууд дайнаас болж сүүдсэн эдийн засгийг сэргээхийн тулд шинэ мөнгөний систем гаргах хэрэгтэй болсон байна. 1944 оны 7-р сард АНУ-ын Нью Хампшийрийн Бреттон Вүүдс-д 44 орны 730 төлөөлөгч цуглан Бреттон Вүүдс системийг гарган гэрээ байгуулсан байна. Товчоор илэрхийлбэл:
- Алтны стандарт системийг АНУ-н доллар болгон өөрчилсөн. Доллар нь алтаар баталгаажсан олон улсын валют болсон.
- Олон улсын валютын сан (International Monetary Fund), Сэргээн босголт ба хөгжлийн олон улсын банк (International Bank for Reconstruction and Development) байгууллагуудыг байгуулсан байна.
Алтны стандарт системийн үед Англи нь дэлхийн худалдааны төв болж байсан ба фунт стерлинг хамгийн ханштай, хэрэгцээтэй мөнгөн тэмдэгт болж байсан юм. Харин дэлхийн 2-р дайны улмаас английн эдийн засаг ихээхэн хохирол амссан тул АНУ -д дэлхийн худалдааны төв шилжиж доллар хамгийн хэрэгцээтэй мөнгөн тэмдэгт болсон байна.
Олон улсын валютын сан нь олон улсын мөнгөний бодлогыг зохицуулах үүрэг гүйцэтгэхээр болсон байна. Хэрэв тухайн улсын мөнгөний ханш 1%-иас хэтэрч хэлбэлзэх тохиолдолд олон улсын валютын сангаар зөвшөөрөл авах хэрэгтэй болно. Түүнчлэн мөнгөний бодлого алдагдсан оронд зөвлөгөө өгөх гэх мэтээр тусладаг байна.
Харин Сэргээн босголт ба хөгжлийн олон улсын банк нь сэргээн босч буй орнуудад зээл олгох, санхүүгийн дэмжлэг үзүүлэх үүрэг хүлээж байсан байна. Энэ үүргээ амжилттай сайн гүйцэтгэсэн ба одоо Дэлхийн банкны нэг хэсэг болсон билээ.
Бреттон Вүүдс систем нь алтны стандарт системтэй адил тогтсон валютын солилцооны систем /fixed exchange rate system/ юм. Гол ялгаа нь алтаар худалдаа наймаа хийхийн оронд доллараар хийх болсонд оршино. Бусад орны мөнгөн дэвсгэртийн ханш доллартай харьцуулахад бараг тогтмол бөгөөд хэлбэлзэл нь 1% -иас үл хэтэрдэг байв.
Дараагийн 25 жилийн туршид АНУ хэд хэдэн төлбөр хийсэн байна. Учир нь гадаад улсуудад байгаа долларыг алтаар солин авч байв. Энэ нь алтны сан хөмрөгт нөлөөлж эхэлсэн. Мөн Вьетнамын дайнаас шалтгаалж АНУ-ын алтны нөөц багагүй хэмжээгээр багассан юм. Ийнхүү 1970 оны эхээр АНУ-ын сан хөмрөг гадаад орнуудын төв банк дахь долларын нөөцийг алтаар төлөх боломжгүй болж эхэлсэн байна. Эцэст нь 1971 оны 8-р сарын 15-нд ерөнхийлөгч Ричард Никсон гадаад орнууд дахь долларын нөөцийг алтаар солихгүй гэдгээ мэдэгдсэн байна. Хэнтэй ч зөвлөлгүйгээр энэ шийдвэрийг гаргасан нь цочирдол үүсгэсэн ба Никсоний шок гэж нэрлэх явдал бий.
Бреттон Вүүдс системийн үед 35 доллар 1 унц алттай тэнцүү байсан ба энэ системийг аврахын тулд 1 унц алтыг 38 доллар болгон долларын ханшийг бууруулах арга хэмжээ авч байсан боловч үр дүнд хүрсэнгүй. Ингээд Бреттон Вүүдс систем нуран уналаа.
- Хөвөгч валют солилцоо буюу одоогийн систем (Floating exchange rate)
1973 оны 2-р сард Бреттон Вүүдс системийн мөнгөний зах хамгийн сүүлчийн өдрөө ажилласан юм. Энэ үед 1 унц алт 44 доллар болсон байлаа. Ингээд 3-р сард мөнгөний зах зээл нээгдэхэд хөвөгч валютын солилцооны систем хэрэглэгдэж эхэлсэн юм. Энэ системээр аль нэг улсын мөнгөн тэмдэгт нь ямар нэгэн үнэт зүйлтэй (алт, мөнгө гэх мэт) тогтмол харьцаагаар баригдаж байлгүй тухайн үеийн зах зээл дэх эрэлт хэрэгцээ, хангалтаас хамаарч үнэ нь тодорхойлогдох болжээ. Өөрөөр хэлбэл мөнгөн дэвсгэртийн үнэ ханш нь алтаар баталгаажаагүй харин эрэлт нийлүүлэлтээс хамааран чөлөөтэй (хөвөгч-floating) болсон байна. Өнөөдөр 1 унц алтны үнэ 1800 америк доллар болтлоо өсчихлөө. 1973 онтой харьцуулахад долларын ханш 1800/44=40,9 дахин суларсан байна.
“А” ба “Б” хоёр улсын мөнгөн тэмдэгтийн харьцаа эдийн засгийн байдлаас хамааран тодорхойлогдоно. Хэрэв энэ хоёр улсын эдийн засаг адилхан хурдаар өсөх юм уу буурахад мөнгөний ханш буюу харьцаа өөрчлөгдөхгүй байх нь ойлгомжтой. Зөвхөн “А” улсын эдийн засаг буурч эхэлбэл энэ улсын мөнгөнд итгэх итгэл алдарч ханш нь суларч эхэлнэ. Тэгээд л зах зээлийн урсгалын дагуу ханш нь өөрчлөгдөөд (хөвөөд) эхлэхнээ.
Шинэ системд орлоо гээд бүх улсууд хөвөгч мөнгөн тэмдэгтийг хэрэглэсэнгүй. Ихэвчлэн доорх гурваас аль нэгийг сонгосон байна.
- Долларжих (dollarization)
- Уяатай ханшийн систем (pegged rate)
- Зохицуулалттай хөвөгч ханшийн систем (managed floating rate)
Долларжих гэдэг нь тухайн улс өөрийн мөнгөн тэмдэгт үйлдвэрлэлгүй аль нэг тогтвортой улсын мөнгөн тэмдэгтийг хэрэглэх явдал юм. Энэ нь хөрөнгө оруулагчдад таатай нөлөө үзүүлдэг боловч тус улсын төв банк өөрийн мөнгө гаргах болон мөнгөний бодлого явуулах боломжгүй байдаг сул талтай. Жишээ нь: Эл Салвадор улс АНУ-н долларыг мөнгөн дэвсгэртээ болгон хэрэглэдэг байна.
Уяатай ханшийн систем гэдэг нь тухайн улс өөрийн мөнгөн тэмдэгтийг ханш нь тогтвортой улсын мөнгөн тэмдэгттэй тогтмол харьцаагаар барих явдал юм. Уяагдсан улсын мөнгөн тэмдэгтийн ханш өөрчлөгдөх үед л тэр улсын мөнгөний ханш өөрчлөгдөнө. Хятад улс 1997 оноос 2005 оны 7 сарын 21 хүртэл 1 ам. доллар 8,28 юаньтай тэнцэхээр ханш тогтоосон байсан. Энэ системийн сул тал гэвэл мөнгөний ханш нь уяагдсан улсын эдийн засагтай хамааралтай болох тал юм. Жишээ нь: Хэрэв долларын ханш бусад гадаадын валюттай харьцуулахад ханш нь чангарвал мэдээж хэрэг юаний ханш дагаад чангарна. Гэтэл энэ нь хятадын төв банкны бодлоготой нийцэхгүй байх талтай.
Зохицуулалттай хөвөгч ханшийн систем гэдэг нь мөнгөн тэмдэгтийн ханш зах зээлийн жамаар чөлөөтэй өөрчлөгдөнө. Харин огцом өөрчлөлт гарсан үед засгийн газар болон төв банк өөрчлөлтийг багасгахын тулд зохицуулалт хийж байхыг хэлнэ. Хамгийн энгийн арга хэмжээ бол мөнгөний хүүг өсгөх, бууруулах байх жишээтэй.